Гурван сая гаруй хүн амтай Монголын зах зээлд 1.1 сая хувь хэвлэгдэн үнэмлэхүй амжилт олсон номууд бий. Тэд бол “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” комикууд юм. Монголын нэг бүтэн үеийнхний уншиж өссөн баатрууд сүүлийн хэвлэлтээсээ хойш таван жилийн дараа хоёр дахь үеийн уншигчдадаа зориулагдан 2020 онд дахин хэвлэгджээ. Хотоос нүүдэлчин ахуйд очсоноор сургамж дүүрэн гайхамшигт адал явдал туулдаг Цондоолой болон түүний ишиг Цүндээлэй нар хайрлах, хүндлэх, ойлгох, хөдөлмөрлөх зэрэг маш олон үнэ цэнийг таниулдаг. Харин түүхэн цаг хугацаагаар аялдаг Жижгээ хүү болон түүний бяцхан үлэг гүрвэл анд Динза нарыг ямар нэг супер хүч бус өөрсдийнх нь зориг, арга ухаан, ухаарал, тууштай байдал, нөхөрлөлийн хүч нь баатрууд болгодог. Эгэл жирийн хэрнээ өөрсдийгөө онцгой болгон бүтээж буй эдгээр баатрууд 2007 онд Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шилдэг  ном, 2009, 2010 оны Интер номын шилдэг борлуулалттай ном, 2013 онд SBN телевизийн хүүхдүүдийн хамгийн дуртай зохиолоор шалгарсан юм. Комик цувралуудын зохиолч А.Дэлгэржаргал “Динза” зохиолоо үргэлжлүүлэн бичиж байгаа гэнэ. Амьдарч буй цаг үеийнхээ олон сорилтыг даван туулахын тулд өнгөрсөн цаг хугацаа руу аялан түүхэн үйл явдлуудад оролцон мэдлэг хүч аван асуудлыг шийдвэрлэдэг Динза зохиолын баатрууд юу сайн, юу муу болохыг  маш сонирхолтой үйл явдлаар ойлгуулж таниулдаг билээ. Тус цувралуудын шимтэн уншигчид “Динзагаар дамжуулан амьдралын бараг бүх зүйлийн тухай өргөн хүрээнд танин мэдэж чаддаг” гэж үнэлсэн байдаг. Шинэ дугаарууд дахь тэдний адал явдал өөрийн дэлхийн түүх хийгээд түүнээс ч чинад алсын гариг ертөнцийг танин мэдэх аялал байх ажээ.