Монголын хамгийн олон уншигчтай “Цондоолой Цүндээлэй хоёр”, “Динза” цувралууд дахин хэвлэлтээрээ “Номын ертөнц” намар, хаврын үзэсгэлэнгүүдэд оролцлоо. 2020 оны 10 дугаар сар болон 2021 оны 6 дугаар сард зохион байгуулдагдсан тус үзэсгэлэн нь Монголын хамгийн том номын баяр, номын худалдаа юм. Комик цувралуудын зохиолч А.Дэлгэржаргал хэлэхдээ “Хамгийн их уншсан ном, ангиараа бүгд уншдаг байсан, олон дахин уншсан, маш их дуртай, одоо ч гэсэн тод санагдаж байна хэмээн зорин ирж дурсамжаа ярих эхний үеийн уншигчидтайгаа уулзаж, шинэ хэвлэлтийг бага, дунд ангийнхан сонирхон уншиж буйг мэдэж аваад зогсохгүй цувралуудаа цаашид хэрхэн үргэлжлүүлэх стратегидаа улам итгэлтэй боллоо” гэв. Ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор сургууль дээрээ унших, хоорондоо хуваалцан унших боломжууд хумигдаж ирж байгаа тул Ирмүүн агентлаг хүүхэд бүрийг номтой болгох, уншуулах боломж бий болгох тал дээр анхаарч ажиллахаар болжээ.